Мэдээ, мэдээлэл

Нурууны өвчлөлийн талаарх буруу ойлголтыг зөв болгох

Б.НУРБЕК

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.


Кесар хагалгаа буюу ард иргэдийн дунд хийсвэр хагалгаа гэж ярьдаг энэ хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүдийн дунд нуруу өвдлөө гэж байнга ярьдаг? Энэ хагалгаанд орсон хүний нуруу өвддөг болдог уу?

Төрсний дараа нуруугаар хөшиж өвддөг нь нурууны ард талын үетэй холбоотой байдаг. Тэр үеийг бид нурууны Фасет үе гэж нэрлэдэг. Төрсөний дараа нуруу 2 шалтгаанаас болж өвдөж байна. 1-рт биеийн жин нэмэгдэх, 2-рт гормоны өөрчлөлтийн улмаас ар талын үе дээр ирж байгаа ачаалал нэмэгдэж төрсний дараа өвддөг болдог. Таны нуруу төрснөөс хойш 3-аас дээш сарын хугацаанд өвдвөл MRI зураг авахуулж үзээд үений гаралтай өвдөлт мөн үү? биш үү? гэдгийг мэдэж авах хэрэгтэй. 

Нурууны булчин чангараад байгаа хүмүүс булчин суллах эм хэрэглэх юм уу булчин суллах зүү, бариа засал хийлгэхээр нурууны өвдөлт зүгээр болдог гэж хүмүүс ярьдаг?

Булчин чангарч байна гэдэг бол хүний хамгаалах урвал явагдаж байна гэсэн үг. Энэ яагаад чангараад байна вэ гэдгийг оношлуулах хэрэгтэй. Голдуу 2 янзаар чангардаг. Нэг нь эмгэг байдлаар нэг нь физиологийн байдлаар. Физиологийн байдлаар чангарч байгаа нь удаан алхахаар хөлөөр өвддөг шиг нуруун дээр ирэх ачаалал нэмэгдэхээр тэрийгээ хамгаалж байгаа хэлбэр. Эмгэг байдал гэдэг нь нуруунд ямар нэгэн эмгэг хөдөлгөөн байна эсвэл нэг хөдөлгөөн хийхээр нурууны аль нэг хэсэг гэмтэх гээд байгаа болохоор хөдөлгөөн хийхээс хамгаалах зорилготойгоор хүний бие чангарч байгаа хэрэг. Энэ хоёрыг ялгах ялгаа нь бол эмгэг байдлаар чангарах нь үе үе давтамжтайгаар чангардаг. Харигн физиологийн байдлаар чангарах нь нэг их хугацаагаар үргэлжлэхгүй. Таны нуруу давтамжтай, ойр ойрхон чангарч өвдөөд байвал мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. 

Аарцаг гажсан эсвэл нуруу муруй үүнийг яаж засах вэ тэгшлүүлмээр байна гэж хүмүүс ярьдаг?
Хүн болгоны царай, төрх өөр байдагтай ижилхэн хүний нуруу 10 градус дотор янз янзын өнцөгтэй байж болно. Энэ бол хэвийн үзэгдэл. 10 градусаас их болоод ирвэл эмгэг гэж үзнэ. Гэхдээ нуруу муруйлаа гээд өвдөлт үүсэх шалтгаан болохгүй. Тэгэхээр өвдөлтөөсөө болоод муруйж байна уу? гэдгийг ялгах хэрэгтэй. Та бүхэн мэдэж байгаа бол төрөлхийн нурууны муруйлттай хүн ямар ч өвдөлтгүй байдаг. Муруйлтаас болж, аарцаг гажсанаас болж өвддөг гэсэн ойлголт байхгүй. 

Зарим хүмүүс миний хөл урт богино, зүүн хөл богино учраас баруун талдаа илүү ачаалал аваад баруун тал их өвддөг гэж ярьдаг?

Түрүүн хэлсэн хүн болгон адилхан бишээ хүний хөл урт богино байж болно. Үүнээс болж нуруу өвддөг гэдэг нь буруу ойлголт юм. 

Глюкозамин хондратын сульфат, калци, сүлжээний эм булдмэл уухаар хүний диск сайжирч, төлждөг гэж ярьдаг?
Гаднаас орж ирсэн бүтээгдэхүүн уухаар сайн гэсэн ойлголттой байдаг. Хүний диск 8 наснаас хойш судасгүй болоод ямар нэгэн эм уугаад төлжихгүй. Тийм учраас төлжүүлэх биш нуруугаа энэ чигээр нь хадгалах тал дээр илүү анхаарах хэрэгтэй. Иймээс дасгал хөдөлгөөнийг илүү сайн хийх хэрэгтэй.


Би суугаа ажил хийдэг тэрнээсээ болоод суудлын мэдрэл дарагдсан гэж эмч хэлсэн. Надад радикулит гэдэг онош тавьсан. Эмчилгээ хийлгээд зүгээр болсон гэсэн ойлголт байдаг.
Радикулит гэдэг онош байдаггүй. Дээр үед ёзоорын өвдөлтийг тэгэж нэрлэдэг байсан. Нэр томъёог тайлбарлавал ёзоорын үрэвсэл гэсэн үг. Ёзоор дангаараа үрэвсэнэ гэж байдаггүй. Ямар нэг байдлаар мэдрэл цочирч байна гэсэн үг. Ямар учраас хөл рүүгээ өвдөж байгааг олох хэрэгтэй. Зарим тохиолдолд дан ганц мэдрэлээс болж хөл рүүгээ өвдөхгүй. SI joint буюу ууц сүүжний уулзвар дээрх өөрчлөлт эсвэл фасет үений өөрчлөлттэй холбоотойгоор хөл рүүгээ өвддөг. Иймээс мэргэжлийн эмчид үзүүлж ялган оношлуулах хэрэгтэй. 

Нуруундаа тариа хийлгээд зүгээр болохгүй байгаа хүн алтан зүү тавиулаад, физик эмчилгээ хийлгээд тарианд намдахгүй байсан өвдөлт зүгээр боллоо гэж хүмүүс ярьдаг?

Нурууны диск хүний насыг дагаж элэгддэг. Хүний арьсанд үрчлээ сууж байгаатай яг адилхан. Энэ элэгдэх явцдаа хүний ёзоорыг цочроох ч юм уу цүлхийх, нуруугаар үе үе өвдөх зовиур гарч байдаг. Хүний бие тодорхой хугацааны дараа өөрөө өөрийгөө эдгээх чадвартай байдаг учраас нуруугаар өвдөж байгаа хүмүүсийн 90%-ийг хагалгааны бус аргаар эмчлэгддэг. Зарим тохиолдолд тариа хийлгэсэн чинь зүгээр болчихсон, 3 жил бариулсан чинь зүгээр болсон, тийм эм тариа уусан чинь зүгээр болсон гэдэг маань шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал тодорхой хугацааны дараа хүний бие өөрөө өөрийгөө эдгээчихэж байгаа юм. Түүнээс биш тэр эм илбийн юм шиг зүгээр болгочиж байгаа асуудал байхгүй. Энэ болгоныг ялгаж ойлгох хэрэгтэй. 

Бариа засалд явсан, рашаан, сувилалд явахаар зүгээр болдог, жил бүр бариа засалд явахаар нурууны өвчин зүгээр болдог уу?
Ингэснээрээ таны нуруу зүгээр болчиж байгаа юм биш хүний бие өөрөө эдгээчиж байгаа. Зүү, бариа, уламжлалт эмчилгээ, физик эмчилгээ хийлгэснээрээ тухайн өвдөлт түр зуур намдаж байгаа болохоос диск зүгээр болж байгаа асуудал биш. Дискээ хэвээрээ хадгалахын тулд ямар эмчилгээ хийлгэснээсээ үл хамааран дасгалыг тогтмол тохирсон түвшинд байнга хийж байх хэрэгтэй. 

Нурууны өвдөлтийн эсрэг дасгалыг Youtube-с өөрөө дураараа харан хийж болох уу?
Мэдрэлийн ёзоор црчирсон үед дасгал хийвэл мэдрэл бүр их цочирч өвддөг. Энэ үед дасгал хийдэггүй. Нуруу юунаас болж өвдөж байгаагаас хамааран нурууны дасгал өөр өөр байдаг. Мэргэжлийн эмчид үзүүлж байгаад зөвлөгөө авсан нь дээр. Хэн нэгэн хийгээд зүгээр болсон зүйлийг та хийгээд зүгээр болно гэсэн үг биш. Хүн болгоны өвдөж байгаа шалтгаан өөр учир өөртөө таарсан дасгалыг мэргэжлийн эмчид хандан заалгаж аваарай. 

Ямар нурууны өвчлөлтэй хүн эмийн эмчилгээ юм уу тариа хийлгээд, физик эмчилгээнд яваад зүгээр болоод, ямар хүмүүс нь хагалгааны хийлгээд байна вэ?
Хагалгааг хийх хоёрхон заалт байна. Нэг нь мэдрэл дарагдсан, мэдрэл дарагдсанаасаа болоод мэдрэл гэмтэж байгаа шинж тэмдэг гарсан тохиолдолд хагалгаа хийнэ. Хэрвээ мэдрэл гэмтвэл дахин сэргэдэггүй учраас мэдрэл гэмтэхээс нь сэргийлж хагалгаа хийдэг. Хоёр дахь заалт гэвэл хүний нуруу тогтворгүй болдог. Нуруу тулгуур эрхтэн буюу хүнийг босоогоор авч явах үүрэгтэй энэ эрхтэн тогтворгүй болчихдог. Энэ тохиолдолд тогторжуулж өгдөг. Тогтворжуулах мэс заслыг stabilization гэж нэрлэдэг. Бусад тохиолдол буюу дан ганц өвдөлттэй, мэдрэл гэмтэх шинж байхгүй, тогтвортой тохиолдолд буюу 90%-д хагалгааны бус аргаар эмчилдэг. 

Сүүлийн үед маш олон төрлийн бүс худалдаанд гараад байна. Энэ бүс нурууны өвчлөлд хэр зэрэг нөлөөтэй вэ?
Хийлдэг бүс, халдаг бүс, хатуу бүс, соронзонтой бүс, чулуутай бүс, ид шидтэй бүс гэх мэт маш олон төрлийн бүс байна. Нурууны бүсний ганцхан зорилго байгаа. Энэ нь нурууны хөдөлгөөнийг хязгаарлаж дискэн дээр ирж байгаа ачааллыг багасгах зорилготой. Тийм учраас нурууны бүс бүх талаараа хатуу байх ёстой. Тонгойх, гэдийх, эргэх хөдөлгөөнийг бүгдийг нь хязгаарласан байх ёстой. Бүсний ард хэсэг л хатуу, урд талаараа зөөлөн байвал ямар ч нэмэргүй. Хийлдэг бүс мөн адил. Ид шидтэй бүс гэж байхгүй. Гол нь хөдөлгөөнийг л хязгаарладаг байх ёстой. Жишээ нь: Би гараа гипсдүүлчихээд удаан хугацаанд байвал миний гарын булчин нарийсчихна. Түүнтэй ижил бүсийг 1 сараас дээш хугацаагаар зүүх юм бол нурууны булчин хатингаршна. Тийм учраас 1 сараас илүү хугацаагаар бүс зүүж болохгүй. 

Хүмүүс нуруу өвдөөд байна уу? бөөр өвдөөд байна уу? эмэгтэйчүүдийн талаасаа өвдөөд байна уу? гэдгийг ялгаж чаддаггүй. Үүнийгээ яаж мэдэх вэ?

Өвдөлтийг ялгадаг хэд хэдэн арга байна. Нуруу өрөө хөдөлдөг эрхтэн учраас нурууны өвдөлт дандаа хөдөлгөөний хамааралтай байдаг. Жишээ нь: Суухаар илүү өвддөг, хэвтэхээр өвддөг, тонгойхоор өвддөг өглөө босохоор хөшдөг, эргэхээр өвддөг гэдэг маань бүгд нурууны өвдөлт. Эмэгтэйчүүдийн гаралтай өвдөлт болон бөөрний өвдөлтүүд голцуу үрэвслийн гаралтай байдаг тул хэвтсэн ч боссон ч бүх байрлалд өвддөг. Нурууны өвдөлтүүд үе үе сэдэрдэг. 7 хоногт 1-2 удаа, сард 1-2 удаа сэдэрдэг мөн удаан хугацаагаар өвддөг, гэтэл 10 жил өвдсөн бөөрний үрэвсэлтэй хүн байна гэж байгүй. Хүний биеийн дархлаа үрэвслийг намдааж байдаг тул 10 жил үрэвсээд яваад байна гэж байхгүй. 

Удаан хугацаагаар суугаа ажил хийх эсвэл жолоо барьж байгаа хүмүүсийн дунд нуруу, хүзүү өвдлөө гэж ярьдаг. Эдгээр хүмүүст зөвлөгөө өгвөл?
Оффисын ажил хийж байгаа болон хол газар явж байгаа хүмүүст зөвлөхөд хүний нуруу 20 -30 минут тутамд 1 удаа амарч байх хэрэгтэй. Нурууны хамгийн их ачаалал авдаг байрлал бол суух үе байдаг. Тиймээс хол явж байгаа хүмүүс замдаа бууж, зогсож, амарч байвал зүгээр. Оффисын ажилчид мөн адил. Сүүлийн үед суугаа ажилтай хүмүүст зориулсан сандал, суудал гарсан байна түүнийг хэрэглэхэд татгалзах зүйлгүй.


Уншигчдын эрүүл мэндийн боловсрол нэмэр болохуйц олон мэдээлэл өгсонд баярлалаа.
Баярлалаа. Та бүхэн нуруугаа хайрлаж байгаарай.

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Цэс

Та и-мэйл хаягаа оруулна уу

И-мэйл хаягаа гүйцэд оруулна уу

Бүртгүүлэх