Гранд Мед эмнэлгийн эмч АУ-ны магистрант хүний их эмч П.Хулантай “Хүмүүс хэзээ, ямар шинжилгээ өгөх хэрэгтэй байдаг вэ?” талаар ярилцах гэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Та бүхэнд ч гэсэн өдрийн мэнд хүргэе.

-Хүмүүс машинаа жил бүр оношилгоонд оруулж, хэрэгцээтэй бүх үйлчилгээг мэргэжлийн инженер засварчдаар хийлгэдэг хэрнээ өөрийнхөө биеийг жил бүр үзүүлдэггүй. Өвдсөн ч аптекаас дураараа эм авч хэрэглэдэг. Энэ талаар?

-Тэгэлгүй яахав. Жил бүр л машин, техникээ үзүүлж, татвараа төлөөд явдаг хэрнээ өөрийнхөө бие махбодыг ер тоодоггүй нь хармсалтай. Өвдлөө гэхэд эмчийн заавар зөвлөгөөг авахгүйгээр эмийн санд очоод, дураараа эм авч уугаад өөрийгөө эмчилчихлээ гэж боддог. Дөнгөж өвчний шинж тэмдэг дарагдангуут эмээ уухаа больчихдог. Үүнээс үүдэн дараа дараагийн үе шатанд антибиотек эмчилгээ үр дүнгүй болох, антибиотеконд дасал үүсэх гэх мэт маш ноцтой асуудал үүсдэг. Хүмүүс Монголын эрүүл мэндийн анхан шатны эмнэлэг буюу өрхийн эмнэлгийг муу гэсэн бодлоосоо болоод үйлчилгээ авахаасаа татгалздаг. Мөн өөрсдийн эрүүл мэндийн боловсрол муугаасаа болж өөрийнхөө төлөө зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх гэх мэт зүйлээ хэрэгжүүлдэггүй атлаа эмчээс “Эрүүл болгож өг” гэдэг зүйлийг шаарддаг. Энэ нь нэг талаараа буруу гэж боддог. Урьдчилан сэргийлэх үзлэгт хүн төдийлөн хамрагддаггүй за дараа болоё гээд хойшлуулдаг. Боломжоо хүлээх юм бол цаг хугацаа аль хэдий нь өнгөрсөн байдаг. Тийм учраас өөрөө өөртөө боломж гаргах хэрэгтэй. Нас ахих тутам эсвэл ямар нэгэн хууч өвчтэй бол богино хугацаанд шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх шинжилгээ оношилгоонд хамрагдаж өөрийгөө өвчнөөс сэргийлж байх хэрэгтэй.

-Ард иргэдийн эрүүл мэндийн боловсролын талаар?

-Миний бодлоор хамгийн чухал зүйл бол хувь хүн өөрөө эрүүл мэнддээ анхаардаг байх, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэхийг зөв зүйтэй алхам гэж боддог. Сошиал ертөнцөд хүмүүс мэргэжлийн эмчээс биш нэг нэгнээсээ зөвлөгөө авдаг. Сэтгэгдэл үлдээж байгааг харахаар ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй, нотолгоо баримтгүй, хуучны арга домоор нэгэндээ зөвлөгөө өгч байгаа зүйл их анзаарагддаг. Ер нь бол нэгэндээ тус хүргэх биш харанхуй бүдүүлэг байдлаар юм уншиж, судалж мэдээгүй хэрнээ нэгэндээ зөвлөгөө өгч байгаа нь харамсалтай. Яг иймэрхүү байдлаар нэгэндээ зөвлөгөө өгдөг гадаадын форумуудыг харахад зөвлөгөө нь шал өөр байдаг. Нэг талаасаа эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлье гэхээр эрүүл мэндийн системийн буруу байдал ерөнхий боловсролын сургуульд хичээл нь ордоггүй, эсвэл эмч нар хангалттай зөвлөгөө өгдөггүй гэж тайлбарладаг. Гэтэл зарим хүмүүс өөрийнхөө өвчний талаар нарийн судалгаа хийсэн, эрүүл мэнддээ анхаарч олон талын мэдээллийг олон эх сурвалжаас эрдэм шинжилгээний талаас нь судалгаа хийж, цаг зарцуулж, юм уншсан өргөн мэдлэгтэй хүмүүс их байдаг болсон. Үүнийгээ дагаад эмч нарын чадвар сайжирч , илүү шинэ олон тохиолдлуудыг судалдаг болсон. Монголд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ илүү сайжирч байгаа гэдгийн хэлж чадна.

-Хүний ам дамжсан яриаг өөрийнхөө эрүүл мэнддээ ашигладаг хүмүүс байдаг. Жишээ нь: Хараа нь муудаж, нүд нь бүрэлзэж байгаа хүнд хэрээний нүд сайн гэхээр хэрээний нүдийг өөрийнхөө нүдэнд дусааж байх, түлэгдлээ гэхэд элсэн чихэр тэр газраа түрхэж байх гэх мэт. Монгол хүний эрүүл мэндийн сэтгэлгээг өөрчлөхийн тулд яавал дээр вэ?

- Жор мэддэг эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэж хүмүүс ярьдаг. Ихэнхдээ ахмад настныхаа үгийг дагаж, буруу зөрүү гэдгийг нягтлахгүй ам даган эрүүл мэндээ эрсдэлд оруулдаг. Мэргэжлийн эмчид хандаасай гэж би боддог. Эмчид очихоосоо залхуурах юм уу, төлбөр, дараалал, хүлээлэг гэх мэтээс болж алгуурладаг. Мэргэжлийн эмч гэдэг бол олон жилийн туршид шинжлэх ухааны нотолгоонд суурилсан зүйлүүд дээр үндэслэж мэдлэг боловсрол эзэмшиж байгаа болохоор илүү найдвартай, баталгаатай эрсдэлд оруулахааргүй арга барилыг үйлчлүүлэгчид санал болгодог. Мэргэжлийн эмчид л хандах хэрэгтэй.

-Гадаадын улс орнуудад хавдар эхэн үедээ оношлогддог. Харин манай оронд хамгийн сүүлийн шатандаа оношлогдож байна. Хавдрын эрт үеийн оношилгоог яаж хэзээ хэрхэн хийлгэх вэ? Гадаад улс оронд хавдар сүүлийн шатандаа оношлогдвол тухайн хэсгийг хариуцаж байгаа эмч болон эмнэлэгт шууд хариуцлага тооцдог юм байна лээ.

-Үүн дээр нийгэм эдийн засгийн нөлөө байдаг байх. Эрүүл мэндээ гэж явах гэхээр ажлын цагт баригддаг, хүүхэд ар гэрийн амьдрал, мөнгө санхүүгийн асуудал ард нь яригддаг болохоор бусад зүйлээ түрүүлж тавиад өөрийнхөө эрүүл мэндийг хамгийн сүүлд тавьдаг болохоор хичнээн хүн өвдсөн ч гүрийж гүрийж явж байгаад тартагтаа тулахаар эмнэлэг барааддаг. Зарим үед амь насыг нь аврах ч боломжгүй тохиолдол байдаг. Манай эмнэлэг дээр хавдрын бүх төрлийн шинжилгээ хийгддэг. Хүнд ажил, мөнгө төгрөг чухал ч жилд 1 удаа өөрийнхөө эрүүл мэндийн төлөө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй. Зовиур байвал тэр дор нь арга хэмжээ авч, бага дээр нь өвчнийг эмчлэх боломж нь нэмэгддэг. Эрүүл байвал илүү их зүйл хийж, бүтээнэ шүү дээ.

-Гормоны шинжилгээг нас насанд нь тааруулж байнга үзүүлж байх хэрэгтэй юу ?

-Хүний биед ямар нэг өөрчлөлт гарах юм бол хүний бие дохио өгдөг. Ямар нэгэн байдлаар хэвийн биш зүйл илэрвэл зайлшгүй үзүүлэх хэрэгтэй. Хүний нас нэмэгдэх тусам бодисын солилцоо өөрчлөгдөж, удааширч, даавар өөрчлөгддөг. Тиймээс 40-с дээш насныхан илүү биедээ анхаарах хэрэгтэй. Манай Гранд Мед эмнэлэг дээр энэ насныхан урьдчилан сэргийлэх үзлэгтээ алгасахгүй ирж, жирийн шинжилгээнүүд буюу элэг бөөрний үйл ажиллагаа үзүүлэн, цусны ерөнхий шинжилгээ л өгдөг байсан бол илүү нарийсгаж хавдрын маркер, эмэгтэйчүүд эсийн шинжилгээ өгөх зэргээр насныхаа онцлогт таарсан нарийвчилсан шинжилгээнүүд өгч байгаа нь олонтаа харагдах болжээ.

-Эмэгтэйчүүдийн хувьд үр тогтохгүй байна, үр тогтсон ч эндээд байна гэдэг асуудал их яригддаг болсон. Ийм зовиуртай хүсүүс ямар төрлийн шинжилгээ хийлгэх вэ?

-Эдгээр эмэгтэйчүүд хамгийн түрүүнд яагаад юунаас болж жирэмслэхгүй байгаа шалтгаанаа олохын тулд дааврын шинжилгээ өгөх хэрэгтэй. Эм бэлгийн эс, эр бэлгийн эстэй үр тогтох боломжтой юу гэдгийг тодорхойлохын тулд бие махбодын дааврын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг тодруулах шаардлагатай. Тийм болохоор эмгэтэйчүүдийн дааварт хамааралтай прогестерон, эстроген, тестестерон, фолликул стимулайтин даавар зэргийг үзэх хэрэгтэй. Эдгээр даавруудыг үзээд эмч шинжилгээний хариугаас хамаарч ямар төрлийн эмчилгээ хийхээ төлөвлөдөг.

-Сүүлийн үед хүмүүс Витамин Д-гийн шинжилгээ хийлгээд дутагдалд ороогүй хүн байхгүй байна гэж ярьж байна. Д витамин дутагдвал ямар шинж илрэх? Мөн илүүдвэл ямар хор уршигтай вэ? Хүмүүс шинжилгээнд ороогүй хэрнээ Монголчууд бүгд дутагдалтай гээд л дураараа өндөр тунтай витамин Д уудаг болжээ.

-Бусад үед эмчийн зөвлөгөөгөөр өгнө. Сүүлийн үед хүүхдийн рахитын шинжид толгойгоо шөргөөхийг авч үзэхээ больсон. Витамин Д-гийн дутагдал байна уу? үүнээс үүдэн рахиттай болох уу? гэдгийг тодруулах хэрэгтэй. Эхлээд шинжилгээ өгөөд дараа нь тохирох тунгаар витаминаа уух хэрэгтэй. Витаминууд үйлдвэрлэсэн улс орон, эмийн тун зэрэг нь өөр өөр байдаг. Гаднаас орж ирж байгаа тун нь тухайн хүний насанд нь тохирч, бие махбодын онцлогт таарч, хүнйи биед сайнаар нөлөөлж байхад зарим тохолдолд үр дүнгүй ч байх тохиолдол байдаг. Витамины Д-гийн дутагдалтай гэж оношлогдсон бол 1-с доош настай хүүхэд 400 мг, 1-3 настай хүүхэд 600 мг тунгаар, насанд хүрсэн хүн 800 мг тунгаар ууна. Д витаминыг дур мэдэн хэрэглэх буюу өндөр тунгаар тариулах, дээрээс нь өдөр бүр ууж хэрэглээд тун хэтэрсэн тохиолдолд Д витамины хордого үүсдэг. Хэтэрхий ихдээд хордлого болвол Монголд эмчлэгдэх боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Монголд эмчлэхэд маш хэцүү учраас өөрийгөө эрсдэлд оруулахгүйн улмаас эмчийн зөвлөсөн зааврын дагуу цусан дахь Д витаминаасаа хамааруулан уух хэрэгтэй.

- Сүүлийн үед залуучууд бодибилдинг, фитнессээр хичээллэх болсон. Нэг талаараа сайн зүйл боловч муу сөрөг нөлөө үзүүлж байгаа олон зүйл байна. Булчингаа томруулах гэж олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв үү?

-Булчингийн массыг нэмэгдүүлдэг уургийн бүтээгдэхүүнүүд бол энгийн хоол хүнсээр авах боломжгүй уургийг агуулсан байдаг. Булчингийн массыг сайхан болгож байгаа юм шиг харагддаг боловч гаж нөлөө их байдаг. Үүнийг шинжлэх ухаанд тэмдэглэсэн байдлыг үзэхээр дааврын нөлөөтэй учраас тухайн хүн бие махбодын дааврын өөрчлөлтөнд орсноосоо болоод ааш зан нь өөрчлөгдөн огцом түргэн ууртай болох бүр цаашлаад үргүйдэлд хүрсэн тохолдол ч байдаг. Тамирчин болох гээгүй зүгээр сайхан бие хаатай байя гэж бодож байвал нэмэлт уургийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүйгээр тахианы мах, өндөг, үхрийн цул мах зэргээс уургаа аваад байж болно. Халк шиг биш зөв сайхан илүүдэл жингүй тохирсон булчинтай байхад л болно шүү дээ. Фитнессийн нэмэлт бүтээгдэхүүнийг ихээр, байнга хэрэглэхийг би бол дэмждэггүй. АНУ-д бодибилдингийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийн олдоц их байдгаас хамаарч стеройдийг их хэмжээгээр ууж, тарьж хэрэглээд сэтгэцийн өвчтэй болж, нийгэмтэйгээ дасан зохицож амьдарч чадахгүй болсон олон хүмүүс байдаг юм байна лээ. Стеройд хэрэглээд тархи нь сааталд орсон тохиолдлыг баримтат кино болгоод гаргаж байсан.

-Цэвэршилт гэдэг зүйл эмэгтэй хүн болгоны туулж өнгөрүүлдэг нэг насны онцлог байдаг. Энэ үед ямар шинж тэмдэг илрэх вэ? Үүнээс урьдчилан сэргийлэх боломж бий юу? Сүүлийн үед цэвэршилтийн нас залуужиж байна гэж хүмүүс ярьдаг боллоо. Цэвэршилтийн насыг хойшлуулах боломж бий юу?

-Цэвэршилтийн шинж тэмдэг үе үе нүүрээр халуун оргих, уур уцаартай болох, амархан хямрах, гомддог болох хоолны дуршил бэлгийн дуршилгүй болох даралт тогтворгүй болох гэх мэтээр илэрнэ. Цэвэршилтийг аль болох эхлүүлэхгүй байх нь чухал байдаг. Эмэгтэйчүүдийн эмчтэй зөвлөлдөөд, дааврын шинжилгээ өгөөд, ямар даавар дутагдалтай байна вэ? гэдгээ тодорхойлоод, даавраа гаднаас зохицуулж, нөхөх зорилгоор ууж цэвэршилтийг удаан болгох боломжтой. Зөвхөн дааврын нөлөөнөөс гадна цэвэршилтийн үед сэтгэл санаагаа тайван байлгах, амьдралын зөв хэвшилтэй байхгүй бол энэ үе эмэгтэйчүүдийн амьдралд хүндээр тусдаг. Мөн хоол хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгох буюу эстроген дааврыг дэмждэг натурал бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь: Шар буурцаг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд.

-Ярилцлагынхаа сүүлийн асуултыг танд үлдээе.

-Нэг үеэ бодоход ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгийг ажил олгогчоос ажлын шаардлагын дагуу авдаг болж, эрүүл мэнддээ хайртай өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавьдаг хүмүүс их байдаг ч зарим нэг хүмүүс, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс өөрийнхөө биед анхааран эмчид үзүүлдэггүй. Эрүүл байж илүү эрч хүчтэй сайн сайхан амьдрахын төлөө жилд 1 удаа цаг гаргаад урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаарай. Манай эмнэлэг дээр нас насанд нь тохирсон урьдчилан сэргийлэх үзлэг байдаг учир өөрт таарсан багцаа сонгоод, үзлэгт хамрагдаж өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийгээрэй.