“ГРАНДМЕД” ЭМНЭЛЭГ БУРИАД УЛСЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Нуруу нугасны чиглэлээр салбартаа тэргүүлэгч Грандмед эмнэлэг, ОХУ-ын Буриад улсын нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн хүрээнд талууд харилцан туршлага солилцон, хамтран ажиллах болон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах юм байна. ОХУ-ын Буриад улсын нэгдсэн эмнэлгээс нийт 13 төлөөлөгч эмч мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, Грандмед эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан улмаар хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Грандмед эмнэлгийн хувьд гадаадын улс орнуудтай хамтран ажилладаг ба энэ хүрээнд хөрш зэргэлдээ ОХУ тэр дундаа Буриад улсын нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллахаар болсон юм. ОХУ-ын Буриад улсын нэгдсэн эмнэлгийн хувьд томоохон эмнэлгүүдийн нэгд тооцогддог. Нийт 1800 гаруй ажилтантай 240 гаруй мэргэжлийн эмчтэй тус эмнэлэг нь цус судлал, дотоод шүүрэл, зүрх судлал мэдрэл гэх мэт чиглэлээр үйл ажиллагаагаа голчлон явуулдаг юм байна. Цаашид Грандмед эмнэлгийн хувьд 2018 онд дүрс оношилгооны төвөө өргөжүүлэн ажиллах, тархи мэдрэлийн мэс заслын бүх төрлийн оношилгоо эмчилгээг хийх, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Энэтхэг улсын чадварлаг эмч мэргэжилтнүүдтэй хамтран хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Мөн улсын хэмжээнд Монголын мэс засалчдын анхны чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажилдаа оржээ.