Гранд Мед Эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг Ангиографийн аппараттай болж, эрүүл мэндийн салбарын дэвшилтэт технологийг нэгээр нэмлээ. Энэхүү аппаратны талаар уншигч та бүхэндээ дэлгэрэнгүй танилцуулахаар Гранд Мед Эмнэлгийн Радиологийн тасгийн эрхлэгч, АШУҮИС-ийн Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч О.Ганхуягыг зорьсон юм.

Юуны өмнө ийм сайхан шинэ аппараттай болсон танай эмнэлгийн хамт олонд баяр хүргэе. Энэхүү аппаратныхаа талаар манай уншигчдад танилцуулаач?

Гранд Мед Эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг АНУ-ын GE компаний хамгийн орчин үеийн аппараттай боллоо. Энэхүү аппаратны маань үндсэн гол ажиллагаа нь зүрх болон зүрхний судасны оношилгоог хийхийн зэрэгцээ элэг бөөр, цуллаг эрхтэнүүдийн хавдрыг тэжээгч судсыг бөглөх эмчилгээ хийдэг. Түүнчлэн элгэн дотор байдаг цөсний замын бөглөрөл болон түүний нарийслыг тэлэх стэнт тавих, цөсийг гадагшлуулах эмчилгээг хийнэ. Элэгний хатуурал, элэгний циррозтой хүмүүс олон байдаг. Үүнээс болж дэлүү томрох өвчлөл нэлээд ихсээд байна. Тиймээс энэхүү хүндрэлээс гаргахын тулд дэлүүний артерийн доод салааг бөглөх эмчилгээг хийж байна. Түүнчлэн элэгний үүдэн венийг бөглөх эмчилгээг ч хийж байна.

Элэгний үүдэн венийг бөглөх эмчилгээ гэдэг нь юу гэсэн үг вэ?

Элэгний хавдартай өвчтөний хавдрыг тайрахын өмнө элэгний хавдартай дэлбэнгийн үүдэн венийг бөглөх эмчилгээ хийж байгаа юм. Элэг маань өөрөө ургадаг эрхтэн шүү дээ. Үүнээс гадна маш олон хүмүүс артерийн даралт өндөртэй явах нь бий. Манайхан үүнийгээ эмчлэхийн тулд зүрхний эмчид үзүүлээд эм тан хэрэглэдэг боловч үр дүн гарахгүй, өөрчлөлт мэдрэгдэхгүй байна гэдэг. Гэтэл бөөрний артерийн судасны бөглөрөл, нарийслаас болоод даралт ихэсдэг. Ийм өвчтөнд нарийссан судсыг нь тэлэх эмчилгээ хийдэг. Бөөрний судасны нарийсал болон бөөрний судасны гаж хөгжил зэргийг тус аппарат цаг алдалгүй оношилдгоороо онцлогтой. Зөв оношилж, эмчлүүлснээр тухайн хүний даралт хэвийн байдалдаа орно. Бас нэгэн давуу тал нь өвчтөнд ерөнхий унтуулга хийхгүйгээр хагалгааг хийнэ.

Хагалгаанд орж байгаа хүнд унтуулах тариа буюу наркоз хийхгүйгээр хагалгаа хийнэ гэж хэлэх гээд байна уу?

Судсан дотуурхи эмчилгээ, оношилгооны маань бас нэгэн онцлог нь энэ шүү дээ. Өвчтөнд унтуулга хийхгүйн дээр зүсэлт хийхгүйгээр хагалгаа хийнэ гэсэн үг юм.

Тэгэхээр хагалгааны дараа тухайн өвчтөний хувьд ч биеийн байдал хурдан сайжрах нь байна шүү дээ?

Тэгэлгүй яах вэ. Гэхдээ үүнийг дурангийн хагалгаатай эндүүрч болохгүй.

Дурангийн хагалгаанаас юугаараа ялгаатай вэ?

Дурангийн хагалгааг бүдүүн шулуун гэдэс болон улаан хоолойгоор хийдэг. Харин энэ аппаратны тусламжтайгаар гуяны артерийн судсаар дамжуулан тухайн судсан дундуур зонд катетер буюу нарийхан гуурсаар тодотгогч бодисоо шахаж, түүнийгээ дэлгэцэнд харж байгаад хагалгаа хийдэг юм. Энэхүү шат дараатай хийгдэж буй хагалгааны үр дүнд тухайн өвчтөнд ямар нэгэн зовиур шаналгаа мэдрэгдэхгүй. Ямар нэгэн өвдөлт зовиургүй, эмчилгээ оношилгооны хувьд өндөр түвшинд хийгдэж байна гэсэн үг.

Тэгэхээр үүнийг хагалгаа гэж хэлэхэд арай хатуудаад байгаа юм шиг санагдаж байна. Юу гэж хэлэх вэ?

Яг ч хагалгаа гэж хэлэхгүй. Судсан дотуурх мэс ажилбар гэж нэрлэдэг. Ангиографийн оношилгоо, эмчилгээ гэдэг маань энэ шүү дээ. Ямар эрхтэнд ямар хагалгаа хийх гэж байгаагаасаа шалтгаалаад өөр байдаг гэхэд болно. Жишээ нь: Дээд мөчний ангиографи, доод мөчний ангиографийн хагалгаа гэх мэт.

Ер нь манай улсад энэ төрлийн мэс ажилбар хийдэг эмнэлгүүд байдаг уу?


Хагалгааныхаа төрлөөс хамаараад төрөлжсөн байдаг. 3-р эмнэлэг гэхэд зүрх судасны ангиографи, тархины судасны ангиографийн оношилгоо, эмчилгээ өндөр түвшинд хийж байна. Тиймээс 3-р эмнэлгийн хамт олонд баяр хүргэх ёстой. Мөн Хавдар судлалын эмнэлэг элэг, цөсний ангиографийн хагалгааг хийж эхлээд өдгөө 10 жил болох гэж байна. Эх нялхсын төв дээр ч сүүлийн 4-5 жилийн хугацаанд хүүхдийн ангиографийн хагалгаа хийгдэх болсон. Ерөнхийдөө эмнэлгүүд төрөлжөөд явж байгаа гэхэд болно.

Танай эмнэлгийн хувьд ямар эмч нар хагалгааг хийж байна вэ?


Бидний хувьд 1-р эмнэлгийн бүтээгдэхүүнүүд шүү дээ. Мөн биднийг дагаж сурсан олон олон шавь нар бий. Олон жилийн туршлагатай болж тус мэс ажилбарт нэлээд туршлага хуримтлуулсан хүмүүс хамтарч ажилладаг гэх үү дээ. Цаашдаа бид аль аль талаас нь хөгжүүлнэ гэсэн бодолтой байна.

Сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл маш их байна. Үүнээс болоод гадны улс орныг зорьж эмчилгээ хийлгэх урсгал ихэссэн. Хэрэв танай эмнэлгийг зориод ирсэн тохиолдолд мэс ажилбарт орох хугацааны хувьд ямар байх вэ?


Улсын эмнэлгүүдийн хувьд дараалал их байгаа нь үнэ ханшын байдлаас болоод байгаа юм. Гэхдээ аль ч эмнэлэгт очсон цаг хугацааны байдлыг үл хамаарах эмчилгээ гэж байна. Зүрх судасны архаг бөглөрөл гэх мэтчилэн дараалал хүлээх боломжгүй өвчтөн байдаг. Энэ дарааллыг л бид багасгах зорилгоор ажиллах болно. Жишээ нь: Элэгний хорт хавдар оношлогдсон л бол тэр хүнд нэн даруй арга хэмжээ авах ёстой. Гэтэл улсын эмнэлгүүдийн ачааллаас болоод 14, тэр ч бүү хэл 20 хоног хүлээх шаардлагатай болдог. Хүн хоол идэж л байгаа бол хавдрыг тэжээж л байна гэсэн үг. Гэтэл энэ байдал нь эмнэлэг болон тухайн эмнэлгийн эмч, ажилчдын буруу биш. Тэд аль болох чадлаараа л ажиллаж байна. Тиймээс манай эмнэлэг нэг ч гэсэн хүнийг цаг алдалгүй оношилж, эмчлэх зорилгоор ажиллаж байна. Цаашид манай эмнэлгийн хамт олон нэг ч гэсэн хүний амийг аврахын тулд улсын эмнэлгүүдтэй хамтарч ажиллах болно гэдгийг хэлмээр байна.

Сая хэлсэнчлэн үнэ ханшийн талаар дахин асууя. Танай эмнэлгийн хувьд ямар үнэ ханшаар тус мэс ажилбарыг хийж байгаа вэ? Эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн хөнгөлөлт эдлэх үү?


Тухайн мэс ажилбарын хувьд өвчтөнд аль болох уян хатан байдлаар эмчилгээг үзүүлнэ. Мэс ажилбарын дараа өвчтөний биеийн байдал хэвийн байдалдаа орох хүртэл эмнэлгийн хяналтанд байлгаж, ор хоногийн мөнгө нь нийгмийн даатгалын сангаас олгогддог. Мэдээж манай эмнэлэг улсын эмнэлэг биш учраас хагалгааны төлбөрийг авна. Тэглээ гээд бид үйлчлүүлэгчиддээ өндөр үнэ хэлэхгүй, нөгөө талаас эмнэлгээ алдагдалд оруулахгүй, харилцан бие биетэйгээ ойлголцож аль болох боломжийг харж үйлчлэх болно. Хамгийн гол нь шинжилгээ оношилгоог түргэн шуурхай, цаг алдалгүй оношилж, хагалгаанд оруулна гэдэг хамгийн чухал зүйл шүү дээ. Нэг удаагийн хагалгаанд хэрэглэгдэх материалууд маань өндөр үнэ өртэгтэй.

Ангиографийн мэс ажилбарт гадаадаас эмч нар ирж хагалгаа хийдэг үү?


Ер нь бол ирдэг. Гадаадаас урт хугацааны лицензээ аваад тус мэс ажилбарт оролцдог. Солонгосын Асан эмнэлгийн профессоруудыг авчирч хагалгаа хийлгэж байсан. Мөн Дани улсаас эмч нар ирж байсан. Цаашдаа гадаадаас эмч нарыг урьж үзлэг, оношилгоо хийлгэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Үнэхээр бахархмаар сайхан санагдаж байна. Ингээд ярилцлагынхаа сүүлийн асуултыг танд үлдээе?


Уншигчиддаа нэг л юмыг хэлмээр байна. Аливаа юм стандартын дагуу ажилладаг. Машин бол жилд 2 удаа тосоо солиулж байна. Тэгвэл хүний бие ч ялгаагүй стандартын дагуу л байх ёстой. Хүн мөнхийн амьтан биш шүү дээ. Ялангуяа 35-аас дээш насны хүмүүс стандартын дагуу оношилгоо эмчилгээндээ байнга орж байх ёстой. Ямар нэгэн хавдрын хамгийн гол зүйл бол эрт үеийн илрүүлэлт байдаг. Хэрэв та эрт илрүүлж чадах л юм бол анагаахын шинжлэх ухаан хөгжсөн энэ үед эрүүл амьдарч, урт насална. Тэгэхээр эрт илрүүлэх чухал зүйлсийн нэг нь дүүргийн эмчдээ хандаж шинжилгээнд хамрагдаж байх нь чухал. 35-аас дээш насны эмэгтэйчүүд 40-өөс дээш насны эрэгтэйчүүд жилд 2 удаа хавдрын шинжилгээ өгч байх ёстой. Жилд 1 удаа хэвлий болон улаан хоолой, ходоодны эхо болон дуранд харуулж байх нь чухал юм шүү. Өрхийн эмнэлгийн эмч нар ч үүнийг иргэдээсээ шаардаж байвал өвчин болоод хавдраас сэргийлж чадна.