Дүрс оношилгооны тасгийн мэргэжлийн өндөр ур чадвар бүхий эмч, техникч, сувилагч нарын баг танд үйлчилж байгаадаа баяртай байна. Бид таны шинжилгээг тохь тухтай орчинд стандартын дагуу, өндөр хүчин чадал бүхий аппарат тоног төхөөрөмж ашиглан түргэн шуурхай хийж үйлчилнэ.

Дүрс оношилгооны аппаратууд

  • Компьютерт томографи (CT)
  • Соронзон резонанст томографи (MRI)
  • Рентген аппарат
  • Ясны сийрэгжилтийн шинжилгээ
  • Өнгөт доплер эхо аппарат (хэвлийн, зүрхний, бамбайн, эмэгтэйчүүд)
  • Зөөврийн рентген аппарат (C-arm)
  • Шүдний дэлгэмэл аппарат

Манай эмнэлэгт хийгдэж буй бүх шинжилгээнүүд нь зурган файл байдлаар таны нэр, бүртгэлийн дугаараар эмнэлгийн серверт хадгалагдах бөгөөд та хүссэн үедээ зургаа хальсан дээр буулгуулж, хариугаа хэвлүүлж, CD-нд бичүүлж авч болохоос гадна дараа хийлгэсэн шинжилгээтэйгээ харьцуулж болно. Мөн хэрэв та хүсвэл таны шинжилгээг БНСУ-ын гэрээт эмнэлгийн эмч нараар уншуулж оношийн баталгаажилтыг хийх боломжтой.

Соронзон резонанст томографи

MRI аппарат нь Герман улсын эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Siemens брэндийн 2013 оны загвар болох 1.5T бүхий өндөр хүчин чадалтай Magnetom Essenza аппарат бөгөөд бид уг аппаратыг ашиглан MRI-н шинжилгээг чанарын өндөр түвшинд найдвартай хийж, цуврал зургийг хальсан дээр буулгаж, CD дээр бичиж өгнө. Magnetom Essenza загварын MRI аппарат нь DOT+TIM технологийг нэвтрүүлснээр оношилгооны дүрслэлийн чанар сайжирч илүү өндөр нягтралтай болсноос гадна олон талын шинэлэг давуу талуудыг олгосноор бид Монгол улсад анх удаа бүтэн нурууны MRI шинжилгээг хийж байгаа ба доорхи MRI шинжилгээнүүдийг ямар нэг хөдөлгөөний сарнилгүйгээр авч байна.

Тархи

Тархины зөөлөн эдийг бусад шинжилгээнүүдээс илүү дүрслэх чадвартай байдгаараа тархины хавдар, харвалт болон шигдээс, халдварын шинж тэмдэг илэрсэн болон сэтгэц ой тогтоолтыг хямрал үүссэн үед мөн төрөлхийн тархины эмгэгийг илрүүлэхэд өндөр ач холбогдолтой шинжилгээ юм.

Багана нуруу нугас

Хүзүү болон нурууны өвдөлт гар хөлийн саа, саажлийн үед MRI шинжилгээг хийдэг. MRI шинжилгээ нь нугас мэдрэлийн ширхэгүүдийн дарагдал, тэдгээрийн хавдрууд, нугалам, нугалам хоорондын жийргэвчийн эмгэгийг оношлох, эмчилгээний цаашдын тактикийг боловсруулах, мэс заслын болон мэс заслын бус эмчилгээг сонгох, эмчилгээний үр дүнг хянах боломжуудыг олгож байна.

Зөөлөн эд, үе холбоос, булчин

MRI шинжилгээ нь өвдөг, шагай, түнх, бугуй, гарын сарвуу зэрэг бүхий л үений эмгэгийн оношилгоонд өргөнөөр ашиглагддаг. Яс, мөгөөрсөн эд, булчин, шөрмөс холбогч эдийг нарийн тод дүрсэлдэг учир үүгээрээ спортын гэмтэл, насжилттай холбоотой үений бүтцийн өөрчлөлт болон үений үрэвслийн үеийн оношилгоонд хэрэглэн яс болон зөөлөн эдэд үүссэн өвдөлт, хаван, цус хуралтын байрлалыг тогтоон, шалтгааныг тодорхойлж шөрмөс холбоос ба булчингийн жижиг урагдлыг ч тодорхойлох боломжтой. Мөн MRI шинжилгээ нь үенд байрласан далд хавдар, халдварын гаралтай үрэвсэл, төрөлхийн үений гажгийг төвөггүй илрүүлдэг давуу талтай юм.

Компьютерт томографи

Компьютерт томографи аппарат Siemens брэндийн хамгийн сүүлийн үеийн Somatom Emotion загварын аппарат юм. Бид уг аппаратыг ашиглан өндөр зэрэглэлийн зургийн чанар бүхий Комьпютерт томографи шинжилгээг хийж, цуврал зургийг хальсан дээр буулгаж, CD дээр бичиж өгнө. Уг аппаратыг дэлхийн 9000 гаруй институт дээр суурилуулан хэрэглэж буй хамгийн өргөн хэрэглээний аппаратын нэг юм. Fast Care технологийг нэвтрүүлснээр илүү цаг хэмнэж, илүү бага тунгийн ачаалал өгөх боломжтой болсон.

Бид уг аппаратыг ашиглан хүний биеийг 0.5мм-2.0мм хүртэл бага хэмжээгээр зүсэн эмгэг өөрчлөлтийг илрүүлэх боломжтой. Компьютерт томографи шинжилгээ нь гэмтлийн үе дэх гавал тархины болон биеийн бүх л хэсгийн ясны хугарал цууралт мултрал, тархин дахь цус хуралтыг оношлох чухал ач холбогдолтой.

Мөн биед хавдар байгаа эсэх, нэгэнт оношлогдсон хавдрын байрлал, хамрах хүрээ, тархац, ургалтын явцыг тодорхойлох, мэс засал, хими, туяа эмчилгээний явцыг хянах чухал шинжилгээ юм. Үүнээс гадна шалтгаан тодорхойгүй байнгын өвдөлт, шарлалт, олон хоногийн халууралт, цус алдалт, сүрьеэгийн үед оношилгооны ач холбогдолтой.

Рентген аппарат

Titan 2000М дижитал болон AGFA DX-D 400 аналог рентген аппаратуудыг ашиглан рентген шинжилгээг хийж байна. Хүний биеийн толгой, хүзүү, цээж, хэвлий, нуруу, мөчдүүдийн яс болон дүрс оношилгооны ерөнхий шалтгааныг тодруулахад ашиглагддаг учир Titan 2000M аппарат нь өндөр хүчин чадалтай зураг боловсруулах нарийн үйл ажиллагааны дижитал рентген аппарат юм.

Зураг боловсруулах тоон системийн ашигладаг учир эмгэгийг илүү нарийн нягтаршил сайтай харуулж ингэснээр эмчид оношийг тодруулахад чухал нөлөө үзүүлнэ. Зураг авахуулах явцад харьцангуй бага тун ашигладаг учир өвчтөнд шингэх хор бага, зургийг авах болон боловсруулах үйл явц хурдан явагддаг тул өвчтөнд хүлээлт үүсгэхгүйгээр найдвартай сайн зураг гарган өгдөг.

Тус аппаратыг ашиглан доод мөчдийн болон аарцаг ясны бүтэн зургийг гаргаж байгаа бөгөөд ингэснээр доод мөчдийн тэгш хэм, хөлний урт богиныг оношлох боломжтой болж байна.


Эмч нар

О.Ганхуяг

Радиологийн тасгийн эрхлэгч

Клиникийн Доктор, Профессор

О. НЭРГҮЙ

Радиологийн их эмч

Э. НАСАНБАЯР

Радиологийн их эмч

Н.ДҮҮРЭНБИЛЭГ

Радиологийн их эмч

М. БАТЦЭЦЭГ

Радиологийн их эмч


Түгээмэл асуултууд

1. Рентген оношлогоо.

- Танай эмнэлэгт рентгений ямар аппарат байдаг вэ?

- Манай эмнэлэгийн рентген аппаратууд нь бельги болон солонгос улсын хамгийн сүүлийн үеийн дижитал рентген аппаратууд байгаа.

- Ямар ямар эрхтний зураг авдаг вэ?

- толгой, хамар дайварын хөндий, уушиг, зүрх, үе мөчдийн болон хүзүү, сээр, бүсэлхийн нурууны зургуудыг авна.

- Цээжний хөндийн зураг (уушигны) авах уу?

- Цээжний хөндийн (уушигны) рентген зураг авна, үнэ:19.0₮

- Өвдөгний үений зураг авах уу?

- Манай эмнэлэг үе мөчний эмчилгээ болон өвдөлт намдаах чиглэлийн төрөлжсөн эмнэлэг тул өвдөгний үе болон бусад шагай, түнхний үе, гарын тохой, бугуйн үе, мөрний үений зургуудыг олон байрлалд сонгомол байрлалаар авч оношлоно.

- Нурууны рентген зураг авах уу?

- Манай эмнэлэг нуруу, нугасны эмчилгээ, өвдөлт намдаах чиглэлийн мэргэжсэн эмнэлэг тул хүзүү, сээр нурууны болон бүсэлхийн нурууны зургийг олон байрлалд сонгомол байрлалаар авч оношлоно.

- Эмэгтэйчүүдийн умайн гуурсны (Hystersalpingography) зураг авах уу?

- Эмэгтэйчүүдийн жирэмсэн болохгүй байгаа шалтгааны оношлох журмаар умайн гуурсны (үрийн хоолой) тодосгогч бодистой зураг авч, ангиографийн эмч, эмэгтэйчүүдийн эмч нар хамтран онош, зөвлөгөө өгнө. Үнэ 140.0₮.

2. Компъютерт томографийн оношлогоо

- Танай эмнэлэгт КТ-ийн зураг авдаг уу?

- Манай эмнэлэгийн КТ-ийн аппарат нь өндөр хурдны, олон зүслэгт (спираль) 3D, Герман улсын Siemens брэндийн аппарат ажиллаж байна.

- Шинжилгээнд орох хүн ямар бэлтгэл хийх вэ?

- Тодосгогч тариа хийж зураг авдаг тул хүн өлөн байх ёстой. Мөн шинжилгээнд орохын өмнө тодосгогч бодисын сорилыг манай сувилагч хийж, харшил үгүй эсэхийг шалгана.

- Тархины (толгойн) КТ-ийн зураг авах уу?

- Гавал тархины КТ-ийн тодосгогчтой болон тодосгогчгүй зураг авна.

- Тархины КТ-аар ямар ямар эрхтний зураг авах вэ?

- Тархины КТ-аар гавал тархи, хамар, дайвар хөндийн, дунд чихний зураг авч, онош бичиж өгнө.

- Цээжний хөндийн (уушигны) КТ-ийн зураг авдаг уу?

- Цээжний хөндийн буюу уушиг, голтын эрхтнүүдийн зургийг авч, хатгаа, сүрьеэ, уушигны болон голтын эрхтнүүдийн хавдаруудыг оношлоно.

- Хэвлийн хөндийн эрхтнүүдийн КТ-ийн шинжилгээ хийх үү?

- Хэвлийн хөндийн эрхтнүүдийн тодосгогч бодистой КТ-ийн шинжилгээ хийнэ. Үүнд: элэг, бөөрний хавдар болон умай дайваруудын хавдар, хэвлийн лимфийн булчирхайн томролтууд, үсэрхийллүүдийг оношлоно. Мөн Элэгний цирроз өвчний үед оношлогоог сайн хийнэ.

- Ходоод, гэдэсний КТ-ийн шинжилгээ хийх үү?

- Ходоод гэдэсний замын хавдаруудын үед тодосгогч бодистой КТ-ийн шинжилгээ хийж, хавдаруудыг оношлохоос гадна бусад эрхтэн, лимфийн булчирхайнуудад үсэрхийлэл өгсөн үгүйг оношлох зорилгоор хийнэ.

- Нурууны КТ-ийн шинжилгээ хийх үү?

- Эмчийн заалтаар хүзүү, сээр, бүсэлхийн нурууны КТ-ийн зургийг авна. Ер нь MRI – н шинжилгээ илүү их мэдээлэл өгнө.

3. MRI буюу Соронзон үелзлүүрт томографийн шинжилгээ.

- Танай эмнэлэгт MRI нь аппарат байгаа юү?

- Манай эмнэлэгийн MRI нь аппарат нь хамгийн орчин үеийн Герман улсын Siemens фирмийн аппарат байна.

- MRI нь шинжилгээнд ороход ямар бэлтгэл хангаж ирэх вэ?

- Шинжилгээнд орох хүн ямар нэг металл товч, тоноглолгүй, бие бариагүй сул хувцас өмсөнө. Нурууны ясанд болон өвдөгний үенд металл бэхэлгээ хийлгээгүй, зүрхэнд pacemaker суулгацгүй байх ёстой.

- Ямар ямар эрхтний зураг авдаг вэ?

- Тархины MRI нь зураг авна. Тодосгогчтой болон тодосгогчгүй зураг мөн тархины зургийг судасны зурагтай хамт авах, дан ганц тархины судасны MRI нь зураг авах гээд олон төрлийн аргаар авах ба энэ бүгдийг мэдрэлийн эмчийн заалтын дагуу л авна. - Хүзүү, сээр нуруу, бүсэлхийн нурууны MRI нь зураг авна. Онцлог гэвэл нурууны нугаламуудын үе, түүний жийргэвчийн эмгэгүүдийн оношийг сайн гаргана.

- Үе мөч, шөрмөсний зураг авах уу?

- MRI нь шинжилгээ нь шөрмөс холбоос эд, булчингийн жижиг урагдлуудыг сайн оношлодогоороо давуу талтай.

- Цээж, хэвлийн эрхтнүүдийн шинжилгээ хийх үү?

- MRI нь бас нэг онцлог нь цээж, хэвлийн эрхтнүүд (зүрх, элэг, цөсний зам, дэлүү, нойр булчирхай, бөөр, бөөрний дээд булчирхайн зургийг сайн авна) - Мөн эрэгтэй хүнд түрүү булчирхай, төмсөг, эмэгтэй хүнд умай, умайн хүзүү, өндгөвчний эмгэгүүдийг сайн оношлоно.

- Хөхний MRI нь шинжилгээ хийх үү?

- Эхо болон мамографийн шинжилгээгээр ямар нэгэн голомтот зангилаат өөрчилөлт илэрсэн үед хөхний MRI нь шинжилгээг хийлгэж оношийг тогтоох, батлахад онцгой ач холбогдолтой.

4. Хэт авиан оношлогоо:

- Танай эмнэлэгт хэт авиан оношлогооны (Эхо) аппарат байгаа юү?

- Манай эмнэлэгийн эхо ны аппарат нь хамгийн орчин үеийн 3D Бельги улсын Philips фирмийн аппаратууд байна. Үүнд: хэвлийн эхо, эмэгтэйчүүдийн 3D эхо аппарат, мөн зүрхний өнгөт 3D аппаратууд ажиллаж байна.

- Эхоны шинжилгээнд ороход ямар бэлтгэл хангаж ирэх вэ?

- Хэрэв элэг цөсөө харуулах бол өглөө, өлөн ирэх хэрэгтэй. - Хэрэв эрэгтэй хүн давсаг түрүү булчирхай, эмэгтэй хүн давсаг, умай дайваруудаа харуулах гэж байгаа бол тус тус шээс ихтэй байх ёстой.

- Бамбайн эхо шинжилгээ хийх үү?

- 3Д эхогоор бамбай булчирхайн шинжилгээ хийж, онош тавьж өгнө.

- Хөхний эхо шинжилгээ хийх үү?

- Хөхний шинжилгээг 3Д эхогоор хийж, онош тавьж өгнө.

- Зүрхний эхо шинжилгээ хийх үү?

- Өнгөт 3Д эхогоор зүрхний судасны эмгэгүүд болон бусад зүрхний эмгэгүүдийг оношилж зөвлөгөө өгнө.

- Жирэмсний болон ургийн эхо шинжилгээ хийх үү?

- Жирэмсний болон ургийн эхог 3D эхогоор хийж онош тавьж өгнө.